“ЦӨМИЙН ТЕХНОЛОГИЙН ЗАРИМ СОНИРХОЛТОЙ ХЭРЭГЛЭЭ-УТААГ БУУРУУЛАХ ТЕХНОЛОГИ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс “Нийслэлийн Засаг даргын А/17, А/18, А/19 дүгээр захирамжийг хэрэгжүүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний зорилго, зорилтуудыг хангах ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, дэд профессор Б.Мөнхбатыг урьж, “Цөмийн технологийн зарим сонирхолтой хэрэглээ-утааг бууруулах технологи” сэдэвт сургалтыг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс, Байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн нийт улсын байцаагчдад зохион байгууллаа.

Тус сургалтаар цөмийн технологийн аргаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цэвэрлэх байгууламжийн бохир ус, лаг шаврын бактери, вирусыг устгах боломжуудыг танилцуулсан.
Үүний нэг нь суурин болон зөөврийн электрон хурдасгуураар агаарын бохирдлыг үүсгэж буй гол нэгдлүүд болох азотын исэл, хүхрийн исэл, түүнчлэн мөнгөн ус, хар тугалга зэрэг хүнд металлуудыг шүүж агаарын бохирдлыг арилгаж болох энгийн хэрнээ, аюулгүй үр дүнтэй технологи байна. Энэ технологийг ашиглан АНУ, ОХУ, Герман, Япон, Хятад, Польш, Болгар зэрэг улс орнууд агаарын бохирдолоо бууруулж байгаагаас гадна, агаарын бохирдолоос ялгаж авсан нэгдлүүдээ ариутган бордоо болгон ашигладаг байна.