ТУУЛ ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлолт, газар ашиглалтыг зогсоох санал боловсруулахаар байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/54 тоот тушаалаар холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайдын баталсан “Туул голын онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж, шалгалтын төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-01/339 тоот удирдамжийн хүрээнд Нийслэлийн газрын алба, Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Туул голын сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран хяналт шалгалтыг хийж байна. Нийслэлийн хэмжээнд Туул голын онцгой хамгаалалтын бүсэд /эргээс 50 метр/ газар эзэмших, ашиглах эрх бүхий 1726 нэгж талбар байгаагаас 162 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийгдсэн байна. Тус шалгалтаар зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 4 000 000 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор онцгой хамгаалалтын бүс дэх газар ашиглалтыг зогсоох тухай саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.