ХОРТ САЛСТ ХАЛУУРАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

             Хорт салст халуурал нь герпес вирусээр үүсгэгдэн, салст бүрхүүл үрэвсэх, зовхи хавдаж нулимс гоожих, нүд цийх, халуурах, чацга алдах шинж тэмдгээр илэрч голдуу 1-4 насны өсвөр үхэр өвчилж, гол төлөв үхлээр төгсдөг халдварт өвчин юм.

         Халдвар дамжих зам: Хонь, ямаа архаг хэлбэрээр хөнгөн өвчилж өнгөрдөг тул үхэр халдварлах гол уурхай нь болдог байна. Ихэнх тохиолдолд 1-4 настай үхэр өвчилдөг бол бух нэн мэдрэмтгий. Энэ өвчинд хонь, ямаа, гахай, бизон мэдрэмтгий.
           Шинж тэмдэг: Хорт салст халуурал нь хурц, хурцавтар явцтайгаар 4 өдрөөс 2-3 долоо хоног үргэлжилнэ. Зарим тохиолдолд 3-4 сарын хугацаатайгаар үргэлжилнэ. Өвчилсөн үхрийн биеийн байдал доройтон өвс тэжээлдээ дургүй болж, хивэлт удаашрах, сүүний гарц багасах, цус салстай чацга алдаж биеийн халуун нэмэгдэж 41,2-42,0 хэм хүрнэ. Улмаар хамар, амны салст бүрхүүлийн хурц үрэвсэлийн шинж тэмдэг илэрч нүд гэмтэнэ. Ам, хамар, нүдний салст бүрхүүл үрэвсэж зовхи хавдаж, нулимс гоожин нуухтан улмаар 2-3 дахь өдрөөс нүдний эвэрлэг бүрхүүл цайна. Заримдаа буйл гэмтэж яршина. Хурц явцтай үед өвчин нь 4-10 хоног үргэлжилэн өвчилсөн малын 90-100 хувь нь үхнэ. 
               Эмчилгээ: Өвөрмөц үр дүнтэй эмчилгээний арга боловсрогдоогүй, урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэлд нэвтрээгүй байна.
Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Хорт салст халуурал гарсан аж ахуйд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулинд заасан мэргэжлийн байгууллагуудын (мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага) дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлнэ.

Өвчин гарсан аж ахуйн нэгж, айл өрхөд үхрийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
Үхрийн арчилгаа, тэжээллэгийн нөхцлийг сайжруулах, байнгын хариулгатай болгох, хашаа байрыг тогтмол цэвэрлэх;
Өвчтэй мал байсан хашаа саравч,байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
Өвчний улмаас үхэж хорогдсон үхрийн хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
Өвчнөөр тайван бус бүсэд гаднаас үхэр оруулах болон гадагш гарахыг хориглох;
Хониор дамжин үхэр халдварладгийг малчид онцгой анхаарч үхрийг хоньтой нэг хотонд маллаж болохгүй;

Халдварт өвчний ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл 
Мал эмнэлэгийн 88608296, 88770886, 88973509
ОБХэлтэсийн 7023101 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

 
 
 
 
НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС