ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИД “ЗАГВАРТ СУУРИЛСАН АЮУЛ ЗАНАЛЫН ҮНЭЛГЭЭ” СЭДЭВТ СЭМИНАРТ ОРОЛЦОЖ БАЙНА

Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас Олон Улсын Атомын энергийн агентлаг /ОУАЭА/-тай хамтран зохион байгуулж буй “Загварт суурилсан аюул заналын үнэлгээ” сэдэвт семинарт Цөмийн болон цацрагийн хяналтын 2 улсын байцаагч оролцож байна. 
Семинарт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хавдар судлалын үндэсний төв, цэргийн төв эмнэлэг зэрэг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 20 албан хаагчид оролцож байгаа бөгөөд цөмийн материал болон цацраг идвэвхт үүсгүүрийн аюулыг тодорхойлох, загварт суурилсан аюул заналыг үнэлэх арга аргачлал, цөмийн аюулгүй байдлыг хангах олон улсын дүрэм, журам, зөвлөмжүүдийг судалж, цөмийн материал болон цацрагийн үүсгүүртэй холбоотой загварт суурилсан аюул заналын үнэлэхэд шаардлагатай гадаад дотоод аюул занал, түүний бодит байдлыг үнэлэх мэдлэг чадвартай болох юм. 
Тус семинар болон үнэлгээний үр дүн нь цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын цацраг идэвхт үүсгүүрийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад шаардлагатай биет хамгаалалтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Дашрамд дуулгахад Цөмийн энергийн комиссын 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын “Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө”-нд цөмийн болон цацраг идэвхт материалтай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, холбогдох төрийн байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлуудыг тусгасан байна.