3 ӨДРИЙН ТУРШ АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОЛОО

НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны 18 цагаас тус сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо. Хориг тавьж буй нь дахин хордлого гарах, иргэд хохирохоос урьдчилан сэргийлж буй ажил тул иргэд, аж ахуй нэгжүүд энэ тал дээр хариуцлагатай байхыг анхааруулав Анхны дуудлага ирснээс хойш хэргийн газраас эд мөрийн баримт болон хураагдсан, сэжиг бүхий зүйлсийг хураах битүүмжлэх, хураах ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хариуцан хамтран ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2959 архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүрүүдээс 2013-д нь хяналт шалгалт хийж, тодорхой хэмжээний битүүмжлэх ажлуудыг хийгээд байна гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 7378 ширхэг архийг битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгсөн бөгөөд хариу гараагүй байна. Амиа алдсан таван хүний шүүхийн шинжилгээний анхны дүгнэлтээр дөрөв нь шингэн зүйлээс болж хордсон гэж гарсан байна. Гэхдээ яг ямар зүйлд гэдэг хараахан тодорхой болоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Энэ нь эд, эсийн шинжилгээгээр гарах тул хугацаа шаардлагатай байгаа аж.

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР