ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ХУДАЛДААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь нийслэлийн Захирагчийн Ажлын албатай хамтран Тулгар төр байгуулагдсаны 2226, Их монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулна.

     Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгоно. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлнэ.

    Хүй долоо худагт гаргах хүүхдийн тоглоомын үйлчилгээний зөвшөөрөл, байршлыг Монгол наадам цогцолбор хариуцаж ажиллах ба хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

    Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг  2017.06.16-27-ны өдрийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авах бөгөөд 2017.06.28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.

     Баяр наадмынүеэрТөв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэхээр шалгарсан аж ахуй нэгж, иргэдийн талаар 2017.06.30-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

      Зөвшөөрөл олгосон газруудад 2017.07.07-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангаж ажиллана. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг 2017.07.08-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт зохион байгуулна.

     Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

  • Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
  • Согтууруулах ундаа болон тамхи худалдах;
  • Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
  • Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
  • Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
  • Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
  • Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР