ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААЛЖ БУЙ ХҮНСЭНД НЯНГИЙН БОХИРДОЛ ИХ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

       НМХГ-ын Төв лабораториос ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний бохирдлын тодорхойлох, тэдгээрээс эрүүл мэндэд учруулж болох эрсдлийг олон нийтэд батлан, зөвлөн туслах зорилготой судалгааг Баянгол дүүрэг дэх МХХ, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсүүдтэй хамтран явууллаа. 2017 оны 05 сарын 03-аас 16-ны хооронд Барс-1 зах, Бөмбөгөр худалдааны төвүүдийг хамарсан уг судалгааны хүрээнд ил задгай, гар дээрээс худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн, худалдан борлуулагч, тэдгээрийн ойролцоох гадаад орчны нийт 110 дээжинд 278 үзүүлэлтээр хими, болон микробиологийн шинжилгээ хийсэн байна.
       Бидний амьсгалж буй агаар, алхаж буй хөрс шороо, авто зам, ил задгай булаг шанд зэрэг хүрээлэн буй орчин, мөн хөл гараараа хүртэлцэн буй бүх л хэрэгслэлийн гадаргууд нүдэнд үл үзэгдэх бичил нянгууд оршиж тааламжтай нөхцөлд өсөн үржихэд бэлэн байдаг билээ. Иймээс ил задгай орчинд худалдаалж буй хүнсний бүтээгдхүүнүүд нь эрүүл, аюулгүйн баталгаагүй эрсдэлтэй хүнсэнд хамаарна. 2015 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар жилд улсын хэмжээнд 7 төрлийн гэдэсний халдварт өвчний 5053 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 9.9 хувийг эзэлж, үүнээс 4029 буюу 79.7% нь Улаанбаатар хотод гарсан байна. Хүн амын нягтралшлаа дагаад өсөн нэмэгдэх хүнсний хэрэглээ нь үйлдвэрлэл үйлчилгээний газруудын хүрээг бас тэлдэг нь зүйн хэрэг. Өнөөдөр Улаанбаатар хотод 1,3 сая хүн буюу Монгол улсын нийт хүн амын 45% нь оршин сууж орчны бохирдол ихтэй хотуудын тоонд ордог болсон.
        Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 6.3.-т зааснаар харьяа дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хүнсний болон барааны худалдаа эрхлэхийг хориглоно хэмээн заасан байдаг. Үүнд жимс, ногоо, шорлог, төрөл бүрийн машинт болон чингэлгийн худалдаа зэрэг бүтээгдэхүүнүүд хамрагддаг. Гэвч дулааны улирал эхэлсэнтэй холбоотой ил задгай талбайд, зориулалтын бус орчин, нөхцөлд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ иргэдийн дунд ихсэж байгаа нь хүнсний гаралтай халдварт өвчлөл гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
         Шинжилгээний дүнгээр хүнсний бүтээгдэхүүн болон түүнд хүрэлцэж буй эд зүйлсийн гадаргуугийн 58.5%- нь мөөгөнцөр, E.coli, гэдэсний бүлгийн савханцар зэрэг нянгаар бохирлогдсон байсан бол, худалдан борлуулагчдын гар, ажлын хувцаснууд нь мөн E.coli, гэдэсний бүлгийн савханцар-аар 100% бохирдсон дүн гарлаа. Эдгээр бактерууд нь хүний организмд нянгийн гаралтай хордлого үүсгэх боломжтой эмгэг төрөгч бактериудад тооцогддог.
        Захуудын ойролцоох хөрсний 50% нь нянгийн тоо хэмжээгээр 2-р зэргийн буюу бохирдолт багатай, 50% нь 3-р зэргийн буюу дунд зэргийн бохирдолтой гэсэн ангилалд тус тус хамаарч байсан бол хими, хор судлалын шинжилгээгээр гадаа талбайн агаарын тоосжилт, аммиакийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин их байна. Харин худалдааны төвийн дотор агаарын бохирдуулагч бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байлаа. Хүнсний бүтээгдэхүүний худалдаалж буй газрын хүрээлэн буй орчин нь тоосжилт ихтэй, явган хүний гүүрэн гарцны доор, нийтийн тээврийн хэрэгсэлийн зам дагуу, автобусны буудлын хажууд байрладгаас худалдаалагчид нь эрүүл ахуйн, ариун цэвэр сахих нөхцөл бололцоогүй, бүтээгдэхүүнийг аюулгүй хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх нөхцөл хангагдаагүй зэрэг нь дээрх үр дүн гарахад нөлөөлж байна.

      Судалгааны явцад худалдагч нарын гарыг энгийн үед болон цэвэрлэсний дараах бохирдлыг тодорхойлох туршилт явуулахад нойтон сальфеткаар арчсаны дараа гарын бохирдол 99.45%-аар буурч байсан нь манай худалдаалагчид цэвэрч байж ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийвэл халдварт өвчнөөс сэргийлэх боломжтойг харуулж байна. Судалгааны үр дүнгээс харахад ил задгай худалдаа нь хүн амын дунд хүнсээр дамжих халдварт өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна. 
      

 

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР