“ЖЭЙ СИ АЙ” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/124 тоот удирдамжийн дагуу  JCI олон улсын байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулахаар дараах чиглэлээр хяналт шалгалт хийж байна.

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр: Зочид буудлуудын дэргэдэх хоол үйлдвэрлэлийн газрын бэлтгэл,  агуулах зэрэг шаардлагагатай өрөө тасалгаагаар хангагдаагүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний түүхии эд бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй,  эрүүл ахуйн зохистой дадлыг бүрэн хэвшүүлээгүй, хоолны дээж аваагүй,  ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.  Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагч нарын хамтарсан албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр: Хэрэглэж байгаа үндсэн болон туслах түүхий эд материалууд нь гарал үүсэл, баталгаажилтгүй,  түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон махны хадгалалт гэсгээлтийн горим зөрчсөн,  хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, зөрчлүүд илэрлээ.

Эрчим хүчний хяналтын чиглэлээр: Буудлуудын аваарын ба нүүлгэн шилжүүлэлтийн гэрэлтүүлэг асахгүй, зарим буудлуудад огт байхгүй, хуваарилах щит, пункт, самбаруудад анхааруулах санамж, плакат байршуулаагүй, гал эсэргүүцэх багаж хэрэгсэл, галын аюулгүй байдлын зурагт самбар байршуулаагүй зэрэг зөрчлүүд байна.

Барилгын техникийн хяналтын чиглэлээр: Зарим зочид буудлын 4-5 дугаар давхар руу гардаг хэсгийн коридорын  хана, тааз болон давхар хоорондын шатны бариулыг будаагүй, ариун цэврийн өрөөнүүдийн агааржуулалт бүрэн ажилдаггүй, зоорийн давхарт агаар сэлгэлтийг байнга хийж, чийгний үнэрийг гаргадаггүй зэрэг зөрчлүүд байна.

Цацрагийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр: 4 зочид буудлын 25 цэгт гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг хийсэн дүн 0,08-0,18 мкЗв/цаг байгаа нь цацрагийн аюулгүйн норм, байгалийн цацрагийн дэвсгэр түвшинд байсан, ундны усны нэг дээж авч МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторид өгсөн.  

Орчны эрүүл ахуйн хяналтын чиглэлээр:

СБД-т үйл ажиллагаа явуулж буй 5 зочид буудлыг шалгахад илэрсэн зөрчлийг үндэслэн улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна. Зочидбуудлуудын зочны ариун цэврийн 1 удаагийн хэрэгсэл болон төвлөрсөн ус хангамжийн уснаас шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид хүргүүлсэн.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

JCI шалгалтын 1-р ажлын хэсэг

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР