ЭМИЙН ХЭРЭГЛЭЭ

Аливаа эмэнд хэрэглэх хүчинтэй хугацааг тухайн эмийн бодисын шинж чанараас хамааран тогтоодог ба уг хугацаа нь эмийн сав баглаа боодол, хаяг шошгон дээр бичигдсэн байдаг.

Эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн эмийн хэрэглэх хүчинтэй хугацаа 1 жилээс 5 хүртэлх жил байдаг бол эмийн санд найруулан бэлтгэсэн эмийн хэрэглэх хүчинтэй хугацаа 3 хоног байх ба найруулсан эмийн хаяган дээр тухайн эмийг найруулсан огноо, цувралын дугаар бичигдсэн байх ёстой.

Эмийн санд эм найруулах үйл ажиллагааг явуулах талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “13.1.Эмчийн жорын дагуу эмийн бүртгэлд бүртгэгдсэн үндсэн түүхий эд, чанарын шаардлага хангасан туслах түүхий эдийг ашиглан эмийн санд эм найруулж болно. 13.2.Эм найруулах стандартын шаардлага хангасан эмийн санд эм барих эрх бүхий мэргэжилтэн эм зүйн технологийн дагуу эм найруулах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.” гэж зааснаар эмчийн бичсэн жорын дагуу эмийг найруулан бэлтгэж олгох ба урьдчилж их хэмжээгээр бэлтгэх ёсгүй. Учир нь тухайн эмэнд микроб маш хурдан үржиж, өвчнийг илааршуулах бус өвчин нэмэх магадлал өндөр болдог.

Иймд та бүхэн хамгийн түрүүнд дараахь зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Үүнд:

  1. Эмчийн жорын дагуу эмийг худалдан авах;
  2. Худалдан авах эмийнхээ үйлдвэрлэсэн болон найруулсан огноо байгаа эсэх;
  3. Цуврал бичигдсэн эсэх /тухайн үйлдвэрлэсэн болон найруулсан газрын хэдийд найруулсан, хэд дэх найрлага болохыг илэрхийлдэг/;
  4. Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эсэх;

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС