ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН ААНБ-ААС АВСАН ЭРҮҮЛ ЗҮЙН АРЧДАСТ ШИНЖИЛГЭЭНИЙ 14.1 ХУВЬД НЬ НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд 2019 онд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийт 88 аж ахуйн нэгж, 5 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар нийт 632 зөрчил илэрснээс 382 буюу 60.4 хувийг арилгуулж хугацаатай албан шаардлага, албан даалгавар хүргүүлж, зөрчилд торгууль шийтгэврийн арга хэмжээ авлаа.
Хяналт шалгалтаар дараах ЗӨРЧЛҮҮД илэрсэн. Үүнд:
1. Шалгалтад үйлдвэрийн гадна орчин, барилга байгууламжид тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, дотоод бүтэц, өрөө тасалгааны байршил нь технологийн үе шат дамжлагад тохирохгүй, их засвар хийгдээгүй, агуулахын стандарт шаардлагыг хангахгүй байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Д.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн Шинэ Амгалан дэлхий ХХК, Багануур дүүргийн Гүн галуут цех, Дэлгэр нуга цех, Баянгол дүүргийн Наран тист ХХК-иуд дээрх шаардлагыг хангаагүй.
2. СХД-ийн 2 дугаар хороо, Орбитын 60-13 тоотод суух иргэн А нь ахуйн зориулалттай байранд хэрчсэн гурилын үйлдвэрлэл явуулсан, хашаандаа гүний худагтай, худгийн ус нь лабораторийн шинжилгээний дүнгээр нянгийн тоо их гарсан нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 0900:2005 стандартын шаардлагыг хангаагүй. 
3. БЗД-т байрлах Сэрж Интернэшнл ХХК-ийн Милая цех, Русская зима ХХК, Чингэлтэй дүүргийн Ариун Сүлжээ ХХК, Эл эс кэй ХХК, Сонгинохайрхан дүүргийн Шилүүстэйн гол ХХК-ууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээний бүрдэл дутуу, магадлагаа, баталгаажилт дутуу, Баянгол дүүргийн Мөнх Ундармал ХХК нь холбогдох тушаал шийдвэрт заагаагүй “Бичил-Лаб” нян судлалын лабораторид ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.
4. СХД дүүрэгт байрлах Энэр хүнс ХХК, иргэн Б.Шинэдулам, Хатан шигтгээ ХХК, Чингэлтэй дүүргийн Агниста веган фүүд ХХК, БНД-ийн Гүн галуут цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдолттой E.Coli, колиформ, Enterobakter илэрсэн нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байжээ.
5. СХД-ийн Энэр хүнс ХХК, иргэн А-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, хэв багаж хэрэгсэл нь хүнсний зориулалтын бус, цэвэрлэгддэггүй бохир зэвэрсэн байна.
6. СХД-ийн Хатан шигтгээ ХХК, иргэн Ш, А нар, Багануур дүүргийн Дэлгэр нуга ХХК нь буцаалт татан авалт, устгалын талаар заавар журамгүй, бүртгэлгүй хөтлөж хэвшээгүй байна.
7. БЗД-ийн Поппи бэйкэри ХХК, БГД-ийн Нарантист ХХК, Анвад ХХК, Мөнх ундармал ХХК, СХД-ийн Иргэн Б. Шинэдулам, Хаан чипс ХХК, Энэр хүнс ХХК, ЧД-ийн Эл Эс Кэй ХХК-ийн Nan бэйкэри гурилан бүтээгдэхүүний цех, Ариунсүлжээ ХХК-ийн Зөв амттай хэрчсэн гурилын цехүүд, ГУМ ХХК, Сангийн далай групп ХХК-ийн согтууруулах ундааны үйлдвэрүүд нь байгууллагын дотоодын хяналтын журамгүй, үйлдвэрлэлийн технологийн горим, дотоод хяналтын журмын мөрдөлтөнд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйл ажиллагаандаа хэвшүүлээгүй, дотоод хяналтын журамтай боловч илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаггүй зөрчлүүд илэрлээ.