АЮУЛГҮЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ИОНЖУУЛАГЧ ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮР АШИГЛАЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГУУЛЛАА

Нийслэлийн хэмжээнд аюулгүйн үзлэг шалгалт, аж үйлдвэрийн салбарт ионжуулагч цацрагийн үүсгүүр ашиглаж буй 9 аж ахуйн нэгж, байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 14-ний хооронд хийж гүйцэтгэлээ. 
Хяналт шалгалтад их эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, бага эрсдэлтэй 6 байгууллага үнэлэгдэж, нийт 78 зөрчил илрүүлсэн. Нийтлэг илэрсэн зөрчлөөс дурьдвал:
1. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги нь
– Цацрагийн үүсгүүр ашиглах тусгай зөвшөөрөлгүй
– Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй
– Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
– Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй
– Цацрагийн үүсгүүрийн ашиглалтын бүртгэл хөтөлж, жилийн эцсийн тооллогын дүн, дотоод хяналтын тайлан мэдээг ирүүлээгүй
– Цацрагтай ажиллагчдыг цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт, давтан сургалтад хамруулаагүй
– Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй
– Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй

2. “МИАТ” ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газар нь
– Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
– Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулаагүй
– Дотоод хяналтын ажилтан нь цацрагтай холбоотой үйл ажиллагаандаа батлагдсан хөтөлбөр, удирдамжийн дагуу хяналт тавьж ажилладаггүй байна.

Дээрх илэрсэн зөрчлүүд нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.2.6 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.1.4, 36.1.5, 36.1.7 дэх заалтуудыг, 43 дугаар зүйлийн 43.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 3.6 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. 
“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, “МИАТ” ХК-ийн Агаарын хөлөг засвар үйлчилгээний газруудад Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан үйл ажиллагааг түр зогсоох прокурорын 3 тогтоол гаргуулан 2 цацрагийн үүсгүүрийг цацрагийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж битүүмжилсэн. 
Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн холбогдох заалт, Цацрагийн хяналтын ажилтанг тушаалаар томилоогүй, дотоод хяналтыг хэвшүүлээгүй /Хууль зүй дотоод хэргийн яам, Төрийн тусгай хамгаалалтын газар /Цацрагтай ажиллагчдыг мэргэжлээс шалтгаалах эмнэлгийн хяналтад хамруулаагүй / “Лайнюкс” ХХК, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лаборатори/ байна. Эдгээр байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нийт 12 заалттай улсын байцаагчийн 4 албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Эрчим хүчний хөгжлийн төвийн рентген радиографийг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын байцаагчийн актаар битүүмжилсэн. 
Хяналт шалгалтын үр дүнд тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй 3 байгууллагын /“Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Эрчим хүчний хөгжлийн төв/ үйл ажиллагааг түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангууллаа.
Цаашид аж ахуйн нэгж байгууллагууд Цөмийн энергийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын шийдвэр, дүрэм журам, заавар, стандартыг мөрдөж, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг ханган ажиллаж, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.