“ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДАЛД БАЙГАА ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ БА ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ АРГА ЗҮЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус хэлтсээс дүүргийн Прокурорын газартай хамтран Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад “Эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийн эрхийн зөрчил ба хяналтыг сайжруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт арга зүйн сургалтыг 2019 оны 05 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалт нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын үргэлжлэл бөгөөд 2018 онд боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн талаар зохион байгуулагдаж байсан бол энэ удаа өсвөр насны хүүхдүүдийн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй холбогдсон гэмт хэрэг, зөрчил, хэрэглэж байгаа шалтгаан нөхцөл, сэтгэл зүйн онцлог, ажиллах арга барилын талаар тусгайлан мэдээлэл өглөө. Сургалтад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухай, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Энх-Амгалан, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын зөвлөх Б.Соёлсайхан, 421 дүгээр нээлттэй хорих ангийн сэтгэл зүйч, хошууч Р.Оюун, “Баярлалаа” төвийн зөвлөх багш, сэтгэл зүйч Х.Тунараа, Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн Боловсролын хяналтын улсын байцаагч Г.Наранбаатар нар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, анхаарах зүйлсийг тайлбарлан харилцан ярилцлах хэлбэрээр явуулсанд сургалтын гол ач холбогдол оршиж байна.