СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал буюу эрүүл ахуйн нөхцөл шаардлага сэдэвт сургалтыг төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын 60 байгууллагыг хамруулан ХУД-ийн ЗДТГ-ын хурлын зааланд 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдөр боловсролын хяналтын улсын байцаагч Б.Болормаа, Г.Уламбаяр нар хамтран зохион байгууллаа.

ХУД дэх МХХ-ийн дарга Б.Алтантуяа нээж, Төрийн хууль тогтоомж, ЗГ-аас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахад хүн бүрийн үүрэг, хариуцлага чухал талаар үг хэлж, НМХГ-ын Мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Нэргүй тус хэлтэст ирж ажиллах явцдаа, сургалтанд оролцогчдод хандан МХБ-ын үйл ажиллагаа болон улсын байцаагчдын үйлчилгээний соёл, ёс зүйн талаарх санал, гомдлыг тус хэлтэст байрлах саналын хайрцагт хийж байх талаар мэдээлэл өглөө.

СӨБ байгууллагад илэрдэг нийтлэг зөрчлийг давтан гаргахгүй байх алдаа дутагдлаа засаж залруулах, болзошгүй эрсдэлээс урдчилан сэргийлэх, цаашид анхаарч ажиллах талаар болон 2019 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хийгдэх хяналт шалгалтын удирдамж, хяналтын хуудсанд орсон өөрчлөлтүүдийг тайлбарлан таниулж, хяналт шалгалт хийх чиглэл өгч, улсын байцаагчдын зүгээс зөвлөмж боловсруулан тараалаа.

 Сургалтанд KSB XXK-ийн мэргэжлийн тархвар судлаач их эмч С.Бат-Өлзийг урьж оролцуулан, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, халдварт өвчний голомтыг таслан зогсоох, ахуйн хортон шавж, мэрэгчийн өсөлт хөгжил, тархалтыг зогсоох, багасгахад чиглэгдэн аливаа халдварын үүсгэгчүүдийг  /нян, вирус, мөөгөнцөр г.м / устгаж  гарч болзошгүй  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эцсийн болон байнгын халдваргүйтгэлийг хэрхэн хийх, халдваргүйтгэлд зориулагдсан  бодис уусмалыг ямар зориулалтаар хэрхэн яаж ашиглах талаар онолын болон шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хийв.

Мөн хүүхдийн болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар, зочид буудал, эмнэлгийн байгууллагуудын  орны зөөлөн эдлэлийг озоны хийгээр дезкамераар халдваргүйжүүлэх орчин үеийн шинэ арга хэлбэрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар шинэлэг мэдээллийг хийлээ