“ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  эмнэлэг, цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт үүсгүүр ашиглаж буй байгууллагуудын албан хаагчдад “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” зорилтын хүрээнд “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл-эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 03 сарын 14-ний өдөр МХЕГ- ын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох нар нээж, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр цөмийн болон цацрагийн хяналтын улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүд хичээл заалаа.

Сургалтад Нийслэлийн хэмжээнд рентген оношилгоо, цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт үүсгүүр ашиглаж буй 39 байгууллагын эмч, рентген техникч зэрэг 45 цацрагтай ажиллагчид хамрагдаж, хууль тогтоомж, дүрэм журмыг танилцуулж, Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүний эрх зүйн зохицуулалт, Цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийн ангилал, Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, Баталгаажуулах хэмжилт хийлгэхэд анхаарах асуудлууд, рентген кабинетын бүтэц зохион байгуулалт, Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, хамгаалах хэрэгслийн талаар хичээл зааж, гарын авлагаар ханган, цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, рентген аппарат тоног төхөөрөмжийн чанарын хяналт, баталгаажуулалт, цацрагийн хэмжилт, хяналт шалгалтын талаар харилцан ярилцаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлох чухал ач холбогдолтой сургалт болсон.