НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗӨРЧИЛТЭЙ БАЙГАА БАРИЛГА, УХСАН НҮХНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


     Өнөөдөр НМХГ-ын хурлын танхимд Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгууд, суурийн ухсан нүх, үерийн усны далан сувгуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.   

     Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн бөгөөд үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-уул дүүрэгт 4, Сонгино хайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байна. . “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллага Барилга , хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.
     Барилгын газар шорооны ажил гүйцэтгээд 2 буюу түүнээс дээш жил ямар нэг ажил гүйцэтгээгүй, нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй, ард, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа 4 аж ахуйн нэгж, 3 иргэний газар эзэмших эрхийг “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэн хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг Нийслэлийн Газрын албанд явуулжээ. Дулааны улирал ирж буйтай холбоотой барилга, дэд бүтцийн угсралтын ажил эхлэж байгаа тул уг ажил үйлчилгээний техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, чанарыг сайжруулах, холбогдох норм ба дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах арга хэмжээг авах шаардлагатай байна.