САР ШИНИЙН БАЯРЫГ УГТАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зөвлөлийн хурлаас гарсан зарим шийдвэрийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө.

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 19-нөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 150 ААН, 950 иргэнд хяналт шалгалт хийхэд 518 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийн 56 хувийг нь тухайн газар дээр нь арилгуулсан байна. Улсын байцаагчийн 48 акт, 12 хугацаатай албан шаардлагыг өгсөн. 71 ААН, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэл явуулсан. 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгох шийдвэр гарган ажиллаж байна. Ихэвчлэн хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн борлуулах, түүгээр үйлчлэх, хадгалах стандарт зөрчсөн, хаягны зөрчилтэй зэрэг зөрчлүүд илэрч байна. тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч устгалд оруулсан байгаа. Сар шинийн баярын өмнө нийтийн эзэмшлийн гудамж талбай болон сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулахгүй байх талаар хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн.