НМХГ-ЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ, МОНИТОРИНГИЙН ХЭЛТСЭЭС ХИЙГДСЭН 2018 ОНЫ ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 онд  хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, иргэдэд хүргэдэг үйлчилгээний талаар Хэрэглэгчийн үнэлгээний санал асуулгыг боловсруулан цахим болон цаасан хэлбэрээр 786 иргэдийн  саналыг авч нэгтгэн дүн шинжилгээ хийлээ.

 Энэ удаагийн санал асуулга нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтад хамрагдсан иргэн, ААНБ-ийн хүрээнд хийгдсэн болохоор үнэлгээ бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өмнөх жилээс санал өгсөн хэрэглэгчийн тоо 16.5 хувиар  өссөн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн үр дүнтэй ажлуудад сургалт зохион байгуулсан, зөвлөгөө, зөвлөмж өгсөн, Нийслэлийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд,  “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд, хэмжих хэрэгсэл ашигладаг худалдааны газруудад, хадгалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байсан “Ханару” нэрийн дэлгүүрт, нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэхэд хийгдсэн хяналт шалгалтуудыг тус тус нэр заан бичжээ. 

Тус санал асуулагад оролцогч ААНБ иргэдээс гаргасан санал:

Хэрэглэгчид нэн тэргүүнд  агаарын бохирдол, орчны бохирдлыг багасгах, барилга байгууламжийн чанарыг сайжруулах, хог хаягдал, авто замын түгжрэлийг бууруулах талаар хяналт шалгалт хийх;

Ажилтнуудынхаа цаг баримтлах, ашиглах байдалд хяналт тавих;

Хүлээлгийн танхим дахь үзэг, бал, маягт г.м туслах материалын хүрэлцээг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж, угтах үйлчилгээний хөтчийн үйлчилгээг нэвтрүүлэх;

Цахим хуудасны ашиглалтыг сайжруулах, заавал байх мэдээллийн жагсаалт гаргах, хайлт хийхэд хялбар болгох;

Лабораторийн шинжилгээний хариуг онлайнаар олгох боломжийг судлах;

Улсын байцаагчдын ур чадварыг дээшлүүлэх, зарчимч, шударга, ёс зүйн зөрчилгүй ажиллах талаар сургалт зохин байгуулах;

Явган хүний зам, авто машины зогсоол, газар олголт, орон сууцны зоорийн давхрын хийц бүтээцийг зөвшөөрөлгүйгээр өөрчилдөг,  барилга хоорондын зай хэмжээг зөрчин өргөтгөл барих, шинээр ашиглалтад орсон барилга байгууламж,  барилгын материалын чанарт шалгалт хийх;  

Тоолуур хэмжих хэрэгслийн баталгаажилт, үнэн зөв ажиллагтай байгаа эсэхэд хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах;

Орон сууцны нэгдүгээр давхрын цайны газруудад хяналт хийх;

Хүнсний ногоо тариалан эрхэлэгч иргэн аж ахуйн нэгжүүд тариалалтын үйл ажиллагаандаа хортон шавьжгүйтгэлийг хэрхэн хийгдэж байгаа байдалд хяналт шалгалт хийх хэрэгтэй гэсэн саналуудыг ирүүлсэн байна.

 “Хэрэглэгчийн үнэлгээний санал асуулга”-т хяналт-шинжилгээ үнэлгээ хийхэд НМХГ-ын үйл ажиллагаанд нийт оролцогчийн 73 хувь нь “Сайн”  үнэлэгээ өгсөн байна.