АГААРЫН, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ХИЙГДСЭН АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

   Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатарын зургаан дүүрэгт хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 03-03 тоот зөвлөмж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07/01 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр НМХГ-аас 48 бүлэг ажлыг 7 чиглэл, төвийн 6 дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд хийхээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 403 улсын байцаагчдын ажлын байрны чиг үүрэгт Агаарын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг тусгаж агаарын чанарыг сайжруулах бүсийн 129 хороонд агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Захирамжийг хэрэгжүүлэхээр 269 улсын байцаагч 1962 обьектод хяналт шалгалт хийж, 1524 мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт, 5645.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ажиллалаа. 78 обьектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 6 обьектийн зуухыг бүрэн шаталтат зуухаар солиуллаа. 30 обьектыг цахилгаан халаагуур тавиулахаар бэлтгэл хангуулж байна.

      Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагад хийж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчийн баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, ЖАЙКА байгууллагатай хамтран нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт хийж, 15 зуухны хаягдал утаанд хийн хэмжилт хийж, 6 аж ахуйн нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага, хэмжилтийн дүнд үндэслэн 15 дүгнэлт, Бишрэлт пропертиз ХХК, Библийн сургалтын төвийн халаалтын зуухны үйл ажиллагааг зогсоох 2 акт, 3840.0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилллалаа. Шалгалт үргэлжилж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдөж ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Агаарын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.5 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авна.
Сэрэмжлүүлэг
    Дугуй, хуванцар, хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед ДИОКСИН, ФУРАН хий байдлаар ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед 8 жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, урагийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай.
     Иймээс иргэн бүхэн утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 77775000 шуурхай утсанд ирүүлнэ үү.