“ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ БА АШИГЛАСАН ЦӨМИЙН ТҮЛШНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО

Нэг. Сургалтын зорилго

“Цацраг идэвхт хаягдлын менежмент ба ашигласан цөмийн түлшний аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалт нь цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдал, хяналтын тогтолцоо, аюулгүй байдлын баталгааны талаар оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан.

Хоёр. Сургалтын хугацаа, байршил

Сингапур Улсын Үндэсний их сургуулийн Технологийн лабораторид 2018 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад Сингапур, Малайз, Япон, Тайланд, Вьетнам, Лаос, Индонез, Филиппин, Иран, Монгол зэрэг 10 орны 18 оролцогч хамрагдаж, Европын цөмийн аюулгүй байдлын сургалтын төвийн багш нар хичээл заасан. Сургалтад Монгол Улсаас Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Уранчимэг, Мон-Атом төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал З.Дамдинсүрэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Ч.Өсөхжаргал нар оролцсон.  

Гурав. Сургалтын хугацаанд үзэж, судалсан сэдвүүд

Сургалт хөтөлбөрийн дагуу явагдаж, дараах сэдвүүдийг үзэж, судалсан. Үүнд:

  • Цөмийн болон цацрагийн хаягдалтай холбоотой олон улсын дүрэм, журам, стандартууд
  • Олон улсын Атомын энергийн агентлагаас гаргасан цацраг идэвхт хаягдлын ангилал
  • Европын комиссын цацраг идэвхт хаягдлын бодлого;
  • Европын комиссын хог хаягдлын жишээ;
  • Урьдчилсан ангилал болон хаягдлын тодорхойлолт;
  • Цөмийн түлшний цикл, хаягдлын хадгалалт;
  • Ураны уурхай болон бусад байгалийн гаралтай цацраг идэвхт хаягдлын аюулгүй байдал;
  • Ашиглахаа больсон цацраг идэвхт үүсгүүрийн хадгалалт;
  • Цацраг идэвхт хаягдлыг аюулгүй болгох зарчим, хөтөлбөр;
  • Цацраг идэвхт хаягдлын менежмент, аюулгүй байдлын үнэлгээ;
  • Сингапур Улсын цацраг идэвхт хаягдлын хяналт;
  • Малайз Улсын хяналтын байгууллагын үүрэг хариуцлага, цацраг идэвхт хаягдлын хяналт зэрэг сэдвүүдээр танхимын сургалтад хамрагдаж, дасгал ажил хийж, Франц, Сингапур, Малайз болон бусад улсуудын цацраг идэвхт хаягдлын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналтын туршлагатай танилцаж, цацраг идэвхт хаягдал, ашиглахгүй болсон цацрагийн үүсгүүрт тавих хяналтын талаар судалж, мэдлэгээ дээшлүүлсэн.

Тус сургалтын үед 3 бүлэгт хуваагдаж, танхимын сургалтыг бататгах дасгал ажлыг хийж, үр дүнг танилцуулж, хэлэлцүүлсэн.

Дөрөв. Сайн туршлага

  • Сингапур улс нь ашиглахгүй болсон цацраг идэвхт үүсгүүрийг хадгалах асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь хариуцуулдаг.
  • Франц улс нь ОУАЭА-аас гаргасан “Цацраг идэвхт хаягдлын ангилал” техникийн баримт бичигт заасан “Exempt waste” буюу хяналтаас чөлөөлөгдөх цацраг идэвхт хаягдлын ангиллыг хэрэглэдэггүй буюу байнгын хяналтад байлгаж байна.
  • Малайз улс нь ашиглахгүй болсон цооногийн каротажийн цацраг идэвхт үүсгүүрийг “Borehole Disposal” буюу цацраг идэвхт үүсгүүрийг цооногт хийж хадгалах туршлага нэвтрүүлсэн байна.
  • Европын холбоо нь цацраг идэвхт хаягдал хадгалах байгууламжийг анхны зураг төслөөс хэтрүүлэхийг хориглодог байна.

Тав. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал

  1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ашиглахгүй болсон эсвэл чөлөөлөгдөх хязгаарт байгаа цацраг идэвхт үүсгүүрийн судалгааг шинэчлэн гаргах;
  2. Цацраг идэвхт хаягдал, хаягдлын менежменттэй холбоотой дүрэм, журамд санал өгөх;
  3. Сургалтаас олж авсан мэдээллийн хүрээнд хэлтсийн улсын /ахлах/ байцаагч нарт мэдээлэл өгч, дотоод сургалт зохион байгуулах;
  4. Сургалтад хамрагдсан талаар мэдээлэл бэлтгэж, байгууллагын цахим хуудсанд байрлуулах;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *