ӨМНӨД БОЛОН ЗҮҮН АЗИЙН УЛС ОРНУУДЫН ЦӨМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ СЭДЭВТ БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Нэг. Сургалтын зорилго

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цөмийн Аюулгүй Байдлыг Хөгжүүлэх Төв хамтран Бээжин хотод зохион байгуулсан “Өмнөд болон Зүүн Азийн улс орнуудын цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөө” сэдэвт бүсийн уулзалтын зорилго нь Зүүн болон Өмнөд Азийн гишүүн орнуудын цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломж, сайн туршлагыг солилцох, улс орнуудын төлөвлөгөөний мэдээлэлд үндэслэн цөмийн аюулгүй байдлын нийтлэг хэрэгцээ шаардлагуудыг тогтооход оршлоо.

Хоёр. Сургалтын хугацаа, оролцогчид

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо Цөмийн Аюулгүй Байдлыг Хөгжүүлэх Төвд 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус уулзалтад Бангладеш, Хятад, Малайз, Мьянмар, Монгол, Камбож, Индонез, Лаос, Непал, Пакистан, Филиппин, Сингапур, Шри Ланк, Тайланд, Вьетнам зэрэг 15 орны 32 оролцогч оролцож, өөрийн орны цөмийн аюулгүй байдалтай холбоотой Олон Улсын конвенц, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийн талаар оролцогч бүр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

Мөн цөмийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, Олон Улсад мөрдөж буй хууль эрх зүй, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн аюулгүй байдлын хэлтэс, Европын холбооны Хими, физик, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах төв, Америкийн Эрчим Хүчний Яамны Баруун хойд номхон далайн үндэсний лаборатори, Япон Улсын Атомын Энергийн Агентлагийн Цөмийн аюулгүй байдлын хөгжүүлэх хэлтсээс урилгаар ирсэн зөвлөх мэргэжилтнүүдийн илтгэлтэй танилцан, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ. 

Уулзалтад Монгол улсаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан болон Цөмийн энергийн комиссын Ажлын албаны мэргэжилтэн П.Болдсайхан нар оролцон, хөтөлбөрийн дагуу “Хилээр цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг нэвтрүүлэхэд илрүүлэх техник, тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулах нь”, “Цацраг идэвхт үүсгүүрийн аюулгүй байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, зөвлөх мэргэжилтэн болон оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн.

Гурав. Сургалтын агуулга

Уулзалт хөтөлбөрийн дагуу дараах 2 бүлэг, 8 дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:

1-р бүлэг: Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн цөмийн аюулгүй байдлын хөтөлбөр, оролцоо

Дэд сэдэв-1. Цөмийн аюулгүй байдал, Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хөтөлбөрийн тухай ерөнхий ойлголт;

Дэд сэдэв-2. Зүүн болон Өмнөд Азийн орнуудын цөмийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа;

2-р бүлэг: Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилт, сайн туршлагууд

Дэд сэдэв-1. Хууль, эрх зүйн хүрээ;

Дэд сэдэв-2. Аюул заналын үнэлгээ;

Дэд сэдэв-3. Үүсгүүрийн биет хамгаалалтын дэглэм;

Дэд сэдэв-4. Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх;

Дэд сэдэв-5. Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөний хариу арга хэмжээ;

Дэд сэдэв-6. Цөмийн аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангах;

                 Оролцогч орнуудын тавьсан илтгэлүүдээс үзэхэд Цөмийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй нийтлэг бэрхшээл нь дотооддоо мөрдөж буй хууль, дүрэм журамдаа нийцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, оролцогч талуудын идэвх, хамтын ажиллагааг сайжруулах, олон нийтэд цөмийн аюулгүй байдлын талаар зөв ойлголтыг өгөх, дэмжлэг авах зэрэг байсан.

                 Мөн Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн зөвлөх мэргэжилтний тусламжтайгаар дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж буй, төлөвлөгөөнд 2 жил тутам тодотгол хийж, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж буй талаараа оролцогч орнууд сайн туршлагаа хуваалцаж байсан. Үүний дотор Мьянмар улс Хими, физик, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх өөрийн орны багийг байгуулсан, Тайланд, Малайз улсууд цацраг идэвхт болон цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээг авах, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтарсан дасгал сургуулилтыг хийсэн, Монгол, Камбож, Сингапур, Индонез зэрэг улсууд нэгдсэн төлөвлөгөөг сайжруулах талаар өөрийн орны оролцогч талуудын уулзалт, семинарыг зохион байгуулсан зэрэг нь цаашид гишүүн орнууд нэгдсэн төлөвлөгөөгөө сайжруулах, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой сайн туршлагууд байсан.

                 Мөн 2018 онд Индонез Улсад зохион байгуулагдсан Азийн спортын наадам, Филиппин Улсад 2015 онд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт, 2017 онд зохион байгуулагдсан Азийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт болон бусад үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээний үеэр хэрэгжүүлсэн цөмийн аюулгүй байдлын хяналтын талаараа танилцууллаа.

                 Индонез, Мьянмар, Тайланд, Вьетнам зэрэг улсууд “Цөмийн материалын биет хамгаалалтын конвенц”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн баталгааны талаар илтгэл тавьсан.

                 Уулзалтад оролцогчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цөмийн Аюулгүй Байдлыг Хөгжүүлэх Төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төв нь цөмийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, цөмийн материалын бүртгэл, экспорт, импортын хяналт, биет хамгаалалтыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх үндсэн зорилготойгоор 2012 онд АНУ-ын дэмжлэг тусламжтайгаар үүсгэн байгуулагдсан байна.

                 Онол болон практик дадлага сургуулилтыг цогцоор нь хослуулсан энэ төв нь эвдэх, үл эвдэх сорил, гадаад орчны сорилын лаборатори болон биет хамгаалалт, хариу арга хэмжээний туршилт, дасгал сургуулилтын талбай, цөмийн ослын үеийн үйл ажиллагааны төв, нэгдсэн сургалтын төв зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 90 орны 2000 гаруй боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлсэн байна. 

Тус төвийн дэд захирал цаашид манай орноос цөмийн аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах, хамтран ажиллахад бэлэн байгаа талаар дурдаж байсан.

Дөрөв. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал

  1. Хөрш орнуудтай цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээг авах хамтарсан дасгал сургуулилт хийх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газарт уламжлах;
  2. Танилцуулгыг Цөмийн энергийн комиссын ажлын албанд хүргүүлэн, цөмийн аюулгүй байдлын чиглэлээр боловсон хүчинг сургаж мэргэшүүлэхэд БНХАУ-ын Цөмийн аюулгүй байдлыг хөгжүүлэх төвтэй манай улс хамтран ажиллах боломжтой байгаа талаар саналыг тусгах, танилцуулах;
  3. Уулзалтын талаар мэдээлэл бэлтгэн, байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх;
  4. Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчдад уулзалтын тухай мэдээлэл хүргэх;

ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Д.МӨНХСАЙХАН