НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт Агаарын чанарын хяналтын хэлтсийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/32 тушаалаар 13 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хийж буй хяналт шалгалт, хүрч буй үр дүн.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар томилж, агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байна.

2017-2018 ондуудад агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй авто засвар, дугуй засвар, авто угаалга, ТҮЦ, павильон, манаачийн байр, худалдаа үйлчилгээний газрууд, агаар бохирдуулагч томоохон эх үүсвэр, уурын болон усан халаалтын зуух ашиглагч нийт давхардсан тоогоор 6210 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байна.

Хяналт шалгалтаар Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар 6502 мэдэгдэх хуудас, зөрчлийг арилгах улсын байцаагчийн 1146 албан шаардлага хүргүүлж, Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 88 сая 140 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 101 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 33  халаалтын зууханд үнс баригч тавиулж, 3 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1478 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1501 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулснаар жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тн-р бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хяналт шалгалт: Үүнд   

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагад тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын талаар.
  2. Агаар бохирдуулагч хөдөлгөөнт эх үүсвэрүүдэд хийгдэж буй шалгалтаар талаар.
  3. Төвлөрсөн шугамд холбогдоогүй ариун цэврийн байгууламжид хийгдсэн шалгалтын талаар.
  4. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах шинэчилсэн бүсийн талаар.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон нийтэд хүргэсэн анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж, сургалт. 

“Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдвээр 23 удаагийн сургалт зохион байгуулж, сургалтад 758 иргэн, 213 аж ахуйн нэгж, байгууллагын 300 гаруй албан тушаалтныг хамруулан 12 төрлийн 1380 ширхэг гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас боловсруулан хүргэж ажиллалаа.

Байгууллагын цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 150 гаруй зөвлөмж, сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг  бэлтгэн олон нийтэд түгээн урьдчилан сэргийлж ажиллалаа.

Засгийн газрын 43, 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл хангуулах талаар дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрөлгүй, нийтийн болон ачаа тээврийн нийт 412 аж ахуйн нэгж, байгууллагад улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж, мөн агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 9 төрлийн анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий 7950 ш зурагт хуудас, стикир наалтыг байршуулан ажиллаж байна.   

Агаарын бохирдлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал.

  • Хог шатаах /дугуй, хуванцар, ашигласан масло зэрэг/ процессын үед диоксин, фуран хорт нэгдэл үүсэж, үнс хөө тортогтой хамт агаар, хөрсийг бохирдуулна. Диоксин, фуран хөрсөнд 10-12 жил, агаарт 32 хоног, хүний биед 3-20 жил болж байж хагас задарна. Хоол хүнс, агаар усаар дамжин хүний биеийн өөхлөг хэсэгт хуримтлагдаж доорх өвчлөлүүдийг үүсгэдэг:

Гажигтай хүүхэд төрөх, Дутуу төрөх, Чихрийн шижин, Сурах чадвар буурах, Дархлаа сулрах, Уушигны өвчлөл, Арьсны өвчлөл

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага, Ургийн эндэгдэл өвөл, зуны улирлын хоорондох ялгаа 3,5 дахин зөрүүтэй байгаа судалгаа гарсан байна.

Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлнэ үү6

БИД НЭГ АГААРТАЙ