ЯПОН УЛСАД ОЛОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ СУДЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТАД OРОЛЦЛОО

Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гаас тус улсын Токио хотноо 2018 оны 10 дугаар сарын 15-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн тогтолцоог судлах” сургалтад зохион байгуулагч талын зардлаар оролцлоо.

Сургалтын хугацаанд:

1.Япон улсын Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь хөдөлмөрийн бодлогын зөвлөлийн саналыг сонсож, яамнаас үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авах тухай төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар бодлого боловсруулах, төсөв төлөвлөх, боловсруулах чиг үүрэгтэй.

 Яамны дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хяналтын хэлтэстэй,  47 аймаг, мужийн алба, 321 нэгж хэлтсийг бодлогоор хангаж ажилладаг.

 Япон улс 1947-1971 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт хэрэгжүүлж байсан бөгөөд 1967 оноос эдийн засгийн хувьд бэхжиж, үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж эхэлснээр 1972 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль”-ийг батлан мөрдөж эхэлсэн байна. Дээрх хуулийн дагуу аж ахуйн нэгж бүр:

  1. Эрсдэлийг бууруулах, эрсдэлийн үнэлгээ хийх;
  2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг заавал мөрдөх;
  3. ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх;
  4. 50-иас дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдлын хороо, эрүүл ахуйн хороо байгуулах;
  5. Барилга угсралтын ажлын үндсэн захиалагч, туслан гүйцэтгэгч талуудын эрх үүрэг, барилга угсрах аргачлал, хугацаа талууд хоорондын гэрээний заалт;
  6. Аюулаас урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  7. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах;
  8. Тухайн аж ахуйн нэгж мөрдөх ХАБЭА-н дүрэм, журам заавал боловсруулах үүрэгтэйгээр хуульчилж өгсөн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал стандартын хяналтын албанд 500000 хүнд 1 хяналтын байцаагч байхаар тооцож орон тоог баталж, яамнаас төрийн албаны шалгалт өгсөн хүнийг улсын байцаагчаар хуваарилна. Улсын байцаагч нь ажлын байран дээрээ томилогдож очоод тухайн нутаг дэвсгэрт байрлах обьектод хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийдэг.

2.Хөдөлмөрийн их сургууль:/Хөдөлмөрийн стандартын улсын байцаагчдын сургалт/:

Анх 1964 оны 6-р сарын 24-нийг хүртэл яам тамгын газрууд өөр өөрсдийн хэлтэст сургалт явуулдаг байсныг нэг дор нэгтгэж Хөдөлмөрийн яамны бүрэлдэхүүнд оруулснаар сургалтын байгууллага үүссэн байна. Үүний дараа сургалт судалгаагаа нэгтгэн хамтын ажиллагаатай болж, Японы хөдөлмөрийн сургалтын байгууллага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэргэдэх сургалтын байгууллагатай нэгтгэн бие даасан Хөдөлмөрийн бодлогын судалгаа, сургалтын байгууллага болох Хөдөлмөрийн дээд сургуулийг үүсгэн байгуулжээ.

Энэхүү дээд сургууль нь хөдөлмөрийн стандартыг хариуцаж ажиллах төрийн албан хаагчийг бэлтгэж, мэргэшүүлэх зорилготой. Сургалтын агуулга, хөтөлбөр нь яамнаас боловсруулж баталсан бодлого, төлөвлөлттэй болон тухайн албан тушаалтны карьертай уялдсан байдаг. Асаха хотод байрладаг. 2018 онд удирдах ажилтны, үндсэн сургалтын, мэргэжлийн сургалтын нийт 46 төрлийн 89 удаагийн сургалтаар 5190 хүнийг сургалтад хамруулжээ.

Шинээр томилогдсон хөдөлмөрийн стандартын хяналтын улсын байцаагчийг 2 удаа эхний хагас жилд  5-7  сард 29 өдөр, сүүлийн хагас жилд 30 өдөр 8-10 сард танхимын сургалтад хамруулж, эхний хагасын сургалтаар хөдөлмөрийн хяналтын байцаагчийн сэтгэл зүй, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн стандартын тухай хуулиуд онол практик, бодлогын ач холбогдол, Иргэний хууль, Эрүүгийн хууль, хяналт шалгалтын зааварчилгааны журам, хяналт шалгалтын хэрэгжилт, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх мэт, сүүлийн хагасын сургалтаар хяналт шалгалтын удирдамж, хэт их ажлын ачааллыг бууруулах удирдамж боловсруулах, хяналт шалгалтын практик ажил, лекц, семинар, шүүхийн практик, олгогдоогүй цалин хөлсийг олгох практик ажил, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр хичээл зааж, шалгалт авдаг байна.

Ингээд цаашид улсын байцаагчдаар ажиллаж байх үед нь танхимын болон практик сургалтыг хослуулан хийж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, мэргэшүүлэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, машин механизм дээр дадлага хийлгэдэг байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн стандартын байцаагчаар  4-5 дахь жилдээ ажиллаж байцаагчид аюулгүй ажиллагаа ба эрүүл ахуйн жишигт нийцсэн мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх 9 өдрийн танхимын болон практик,

2.4-өөс дээш жил ажиллаж байгаа хөдөлмөрийн стандартын байцаагчид шинээр бойлер, кран гэх мэт тусгай төхөөрөмж суурилуулалт, хяналт хийхэд шаардлагатай мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх 8 хоногийн онолын болон практик,  5 жил ажилласан байцаагч ахисан төвшний 12 хоногийн 2 удаагийн сургалт

3.Хяналтын мэргэжилтэн бэлтгэх 2-р сургалт 5 хоног хийгдэнэ. Дээрхи 1-р сургалтад хамрагдсан байцаагчид хамрагдана.

4.Хөдөлмөрийн стандартын байцаагчийн өмнөх ажлын байранд ажиллаж байгаа эсвэл удахгүй томилогдох ажилтанд 13 хоногийн  сургалт

5.Хөдөлмөрийн стандартын байцаагчаар 10 жил ажилласан, хяналт шалгалтын ажлын ажлын 8 жилийн туршлагатай улсын байцаагчаар ажиллаж байгаа хүнд 10 хоногийн ур чадвар эзэмшүүлэх сургалт

6.Шинээр томилогдсон хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэнд 9 хоногийн сургалт хийгдэж байнга мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлдэг байна.

        Хэлтсийн дарга, хяналтын албаны даргаар томилогдох үед:

Аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан хэлтсийн даргаар томилогдсон үед 4 хоногийн /ажлын менежмент, ажилтнуудын сургалт, удирдах ажилтны анхаарах асуудлууд, үүрэг, манлайлал, бүлгээр хэлэлцэх асуудал, аюулыг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах арга зүй/

Хөдөлмөрийн стандартын хяналтын албаны даргаар шинээр томилогдсон хүнд 5 хоногийн /удирлага, үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын асуудал, хөдөлмөрийн нөхцөлийн бодлого, ажилтны үнэлгээ манлайлал, үйл ажиллагаа, менежмент, үр дүнтэй PR, аюулын менежмент хянах, төрийн ажилтнуудын ёс зүй/ сургалтууд тус тус хийгддэг байна.

3.Барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх холбоодын талаар:

            Төрөөс үйлдвэрлэлийн ослыг бууруулах талаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байсан тул төрийн бус байгууллагуудад төрийн зарим эрхийг өгч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд  үйлдвэрлэлийн осол буурч байгаа. 

1.Ёкохама хотын Ослоос сэргийлэх холбоо нь төрийн бус байгууллага бөгөөд Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх тухай хуульд үндэслэн Барилгын салбар дахь үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 1964 онд байгуулагдсан, “Хүний эрхийг дээдлэх” гэсэн үндсэн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэл болон бусад аймгууддаа холбооны салбар байгууллагууд ажилладаг. Тус холбоо гишүүн байгууллагуудын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжин төрөл бүрийн ажил зохион байгуулж ажилладаг. Гишүүнээр 50 мянга орчим барилгын компаниуд болон 574 туслан гүйцэтгэгч элссэн байдаг, мөн ажил мэргэжлийнхээ дагуу нэгдсэн бусад холбоо гишүүнээр элсдэг. Холбоо гишүүдээсээ 3500 гаруй сайн дурын эргүүлээр ХАБЭА-н мэргэжилтнүүдийг ажиллуулдаг. Холбооны үйл ажиллагаа гишүүдийн татвараар санхүүждэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь наад захын стандартыг нийтлэг байдлаар тогтоосон байдаг тул тус холбооноос салбарын онцлогт тохируулан нарийвчилсан дүрэм, журмыг мөн боловсруулж мөрдүүлдэг. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын чиглэлд нийцсэн барилгын салбарын онлцогийг тусгасан Космосын гарын авлагыг боловсруулж батлан мөрдүүлж байна. Энэ нь компаниудын сайн дурын үйл ажиллагаа, аюулгүй байдал, эрүүл ахуйн менежементийг сайжруулахад чухал ач холбогдолтой байна. Учир нь космос системийг дэмжих ажил маш сайн зохион байгуулалттайгаар хэрэгждэг. Холбоо нь хууль тогтоомжоос гадна улсын хэмжээнд хэрэгжүүлэх 5 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулдаг. Энэ удаа 7 дахь удаагийн 5 жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү төлөвлөгөөнд нийцүүлэн барилгын салбарынхаа зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан ажиллаж байна. Холбооноос зохион байгуулдаг гол ажлууд:

-Аюулгүй ажиллагааны эргүүл томилон ажиллуулах /Эргүүл нь тухайн ажлын байран дээр хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байна, ямар менежментээр явагдаж байна, арга зүйн ямар зөвлөгөө өгч ажлыг нь сайжруулах боломж байна гэдгийг харах зорилготой. Мөн эрсдэлт нөхцөл байдал үүссэн бол баримтжуулж, сургалтад ашиглах болон тухайн аж ахуйн нэгжид анхааруулах, засч залруулах боломж олгох зорилготой.

-Аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн, сургалт, лекц зохион байгуулах /Гишүүн байгууллагуудын хувьд ХАБ-ын сургалт явуулах, бусад ажил олгогч болон олон нийтэд соён гэгээрүүлэх мэдээлэл түгээх, бодлого боловсруулагч нарт судалгаа мэдээлэл өгөх зорилготой. Зөвлөгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд шилдэг ААН-ийг шагнах, тэргүүний ажилтныг шагнах, ХАБЭА-ын хамгаалах хэрэгслийн үзэсгэлэнг гаргадаг. Зөвлөгөөн жилдээ нэг удаа болдог.

Сургалтыг дараах чиглэлээр зохион байгуулдаг. Үүнд:

1.Барилгын салбар дахь ХАБЭА-н менежментийн буюу космосын сургалт

2.ХАБЭА-н сургагч багшийн сургалт

3.ХАБЭА-н ажилтны сургалт

4.Хонгил гаргах гэм мэт хязгаарлагдмал ажлын байранд яаралтай тусламж үзүүлэх, аврах ажилтны сургалт

5.Барилгын талбайн даамал болон үйлдвэрийн ахлах ажилтны сургалт

6.Барилгын инженер техникийн ажилчид болон төлөвлөлтийн ажилтны ХАБЭА-н сургалт. Сургалт маш өргөн хүрээтэй.

7.ХАБЭА-н боловсрол олгох сургалтын материал бэлтгэх, түгээх байдлаар сургалтыг тасралтгүй явуулж байдаг./

8.Гишүүдтэй уулзалт, ярилцлага хийх /гишүүдтэй санал солилцох ажлын явц үр дүнгийн талаар болон цаашид хийх сайжруулах ажлын талаар ярилцах, шийдэлд хүрэх зорилготой/.

9.Япон улсын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд тулгуурлан компаний 5 жилийн төлөвлөгөөг хийнэ.

10.“Барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх дүрмийн тайлбарыг зурагт байдлаар хийж ажилчдад тараах, Заавар тусламж /сургалт лекц,/ үзүүлдэг байна.

2.НАГОЯ ХОТЫН АЙЧИ МУЖ ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН СТАНДАРТЫН ХОЛБОО 1951 ОНД БАЙГУУЛАГДСАН. Үйлдвэрлэл, барилгын 4000 аж ахуйн нэгж байгууллагын гишүүнчлэлтэй, ТУЗ-өөс холбооны ерөнхийлөгчийг сонгодог, 33 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ ХАБЭА-н талаарх төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, дүрэм журмын хэрэгжилтийг хангах, зохион байгуулах хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаний захирал, дарга нартай уулзалт зохион байгуулдаг. Жил бүр нэг удаа хамтарсан уулзалтыг зохион байгуулж байна. Барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх холбоо нь гишүүн байгууллагууддаа хандаж дараахь үйл ажиллагааг идэвхитэй явуулдаг.

– хууль, дүрэм, баримт бичиг боловсруулах, дотоод журам, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх зэрэг асуудлаар утас, факс, биеэр үнэгүй зөвлөгөө байнга өгөх;.

-Жилд ойролцоогоор 400 удаагийн сургалт хийж, 20000 хүн хамруулж, сургалтыг үнэгүй явуулна/ хөдөлмөрийн хууль, ХАБЭА-н талаар, ажилтны, ур чадварын, байгууллага дээрхи сургалт хийж тусгай сургалт дуусгасан батламж өгдөг Энэ сургалтын батламжийг 5 жил тутуам сургалт хийж сунгадаг.

-Улирал, Сар бүр сэтгүүл, 2 сард ханын сонин гаргаж, вэб хуудсанд байршуулж мэдээллийг түгээдэг

-яам, төрийн байгууллагаас гаргаж байгаа холбогдох хууль дүрэм, бичиг баримтыг үнэ төлбөргүй хүргүүлж дэмжлэг үзүүлдэг

-сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үзлэгт хамруулах асуудалд зөвлөгөө өгч, 30-аас доош ажилтантай гишүүн аж ахуйн нэгж байгууллагад 1 хүнд 2000 иений дэмжлэг өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

-ЖДҮ-ийн тэтгэвэр тэтгэмжийн харилцааг дэмжих үйл ажиллагаанууд хийдэг байна.

Холбоод жил бүрийн 7.1-нээс 7.7-ны өдрүүдэд аюулгүй ажиллагааны 7 хоногийг зарладаг, ХАБЭА-н хууль зөрчсөн драмын жүжиг тавьж, зөв бурууг нь хуулийн мэргэжилтэн тайлбарлаж өгч хүмүүст хүргэдэг.

Япон улсын барилгын салбарын үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг  жилд 1 удаа хийж, ажлаа тайлагнаж, дүгнэлт хийж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож хувь нэмрээ оруулсан аж ахуйн нэгж байгууллага,  холбоод, барилгын үлгэр жишээ талбай, хувь хүмүүст шагнал олгож урамшуулж байна.

4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөгөөн:

ХАБЭА-ын улсын зөвлөгөөн Хэйсэйгийн 30 он буюу 2018 оны 10-р сарын 17-ны энэ өдөр Канагава мужийн Ёкохома хотод 77 дахь удаагийн “Аюулгүй байдал, эрүүл мэндийн тэргүүлэх шийдвэрүүдийг нэн тэрүүнд тавьж, ажлын байрны шинэчлэл рүү” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулагдсан. Ногоон загалмайн үзэсгэлэн зохион байгуулагдсан. Чуулга уулзалтыг нээж Барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар үг хэлж, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Канагава мужийн захирагч, Ёкохама хотын дарга баярын мэндчилгээ тус тус дэвшүүлсэн. Ингээд тэргүүний ажилтан, Ажил олгогчийг шагнаж урамшуулсан. 1968 оноос хойш зохион байгуулж байгаа.

ХАБЭА-н зөвлөгөөнд оролцож, тоног төхөөрөмж, ажлын байрны орчин нөхцөл, ажлын бүтээмж дээшлүүлэх дэвшилтэт техник технологийн Ногоон загалмайн үзэсгэлэн үзэж, барилгын талбай дах үйлдвэрлэлийн ослыг биеэр мэдрэх 4D туршилтыг өөрийн бие дээр хийлгэв.

5.Барилгын талбайн аюулгүй ажиллагаа:

Токиогийн Их Сургуулийн Анагаахын судалгааны хүрээлэнгийн өргөтгөл шинэ барилга нь 2018 оны 4-р сарын 01-ний өдөр эхэлсэн бөгөөд 2021 оны 3-р сарын 31-ний өдөр ашиглалтад орно. Энэ барилгыг барьж байгаа барилгын компани нь мэргэжилтнүүдийн зүгээс аюулгүй ажиллагааг хамгийн сайн ханган ажиллаж байгаа гэсэн үнэлэлт авсан учир сайн жишиг туршлага болж байна. Барилгын талбайн эмх цэгтэй байдал анхаарал татсан төдийгүй Космос гарын авлагыг маш сайн дагаж ажилладаг байна. талбайд аюулгүй байдлын самбар байршуулж тэнд ямар ажлыг хэн хариуцаж байгааг ил тодорхой харуулсан төдийгүй, гол болон туслан гүйцэтгэгч компаниудын хариуцан хийж байгаа ажлыг хүртэл өнгөөр ялгаж харуулсан байв.

Ажилтнууд ажилдаа гарахаас өмнө цөөн хором ХАБЭА-ийн тухай мэдээлэл авдаг бөгөөд энэхүү мэдээллийг бүх ажилтнууд ээлжлэн бэлтгэж хамт олондоо хүргэдэг тул хүн нэг бүрийн энэ талын мэдлэг сайжрахаас гадна хариуцлагатай болдог байна. Барилгын талбайн эмх цэгц сайн, барилгын талбайн үүдэн дээр энэ 7 хоногт хийгдэх ажлын жагсаалт, зурагт үзүүлэн самбар тавигдсан, аюулгүйн гарц бүрэн хийгдсэн, ХАБЭА-н хууль, дүрэм журмаар өнгөт зурагт хуудас хийж, орох гарах гарц, хариуцах албан тушаалтны танилцуулга, нэр зураг ажиллах хоног зэргийг тод зургаар хэвлүүлэн хадсан, ажилчдад зориулсан тамхины өрөө гаргасан байна.

 Ажлын цагийн бүртгэлийн систем нарийн учраас илүү цагаар ажиллах явдлыг бууруулдаг. Учир нь хүнд хүчир энэ салбарт илүү цагаар ажиллаж стресст орсноор осол аваар их гарах нөхцөл бүрдэж байна гэж сүүлийн үед мэргэжилтнүүд үзэж байгаа тул цаг бүртгэл, мөн ажилтны сэтгэл зүйн байдалд ихээхэн анхаарах болсон. Учир нь барилга дээр хэт олон цагаар ажиллуулснаас хүний сэтгэл санаа хямарч, сэтгэцийн өвчтэй болсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол гэж тооцдог байна.

.

Сүүлийн 2-3 жилд үйлдвэрлэлийн осол буурахгүй байгаа нь 2020 онд Одимп болортой холбоотой бүтээн байгуулалт, барилгын ажил их хийгдэж байгаа, Японы эдийн засаг сайн хөгжиж байгаа, ажиллах хүчний дутагдалтай байгаагаас ажилтныг урт хугацаагаар ажиллуулах тохиолдол их гардагтай холбоотой гэж дүгнэж байгаа. Барилгын салбарт дараах осол зонхилон тохиолддог байна. 1967 оноос 2017 он хүртэл 50 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн осол буурсан үзүүлэлттэй байна.

2016 онд 4-өөс дээш хоногоор хөдөлмөрийн чадвар алдсан осол 117910 гарч,  928 хүн нас барснаас 294 нь барилгын салбарт, 2017 онд 4-өөс дээш хоногоор хөдөлмөрийн чадвар алдсан осол 120460 гарч,  978 хүн нас барсны 323 нь барилгын салбарт гарсан байдаг.

 Барилгын салбарт

  • Өндөрөөс унах
  • Хавчуулагдах, ороогдох
  • Бүдэрч унах
  • Унаж ойчих
  • Бэхэлгээ тасрах, хавчуулагдах
  • Мөргүүлэх
  • Нураах, буулгах үед
  • Зам тээврийн осол
  • Бусад голчлон гардаг байна.

 

6.Хөдөлмөрийн стандартын улсын байцаагчид

Япон улсын 47 аймаг, мужийн алба, 321 нэгж хэлтэст хөдөлмөрийн стандартын улсын байцаагчид ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьдаг.

Хөдөлмөрийн стандартын байцаагч нь:

1.Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийдэг

2.зааварчилгаа, мэдэгдэл өгдөг  

3.Хөдөлмөрийн хяналтаар акт үйлдэж, 300000-500000 иений торгууль тавьдаг.

4.мөрдлөгө явуулах мөрдөн байцаагчийн эрхтэй, үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд ХАБЭА-н хууль зөрчсөн эсэхийг тогтоож, ослын шалтгааныг тогтоож, нотлох баримт, материалыг бүрдүүлэн хуулийн байгууллагад явуулж, эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг байна.

 

     

            Дүгнэлт:

Япон улс 1954 оноос хойш 19 жил үйлдвэрлэл хурдацтай хөгжсөнөөр үйлдвэрлэлийн ослоос болж олон мянган хүн нас барсан бөгөөд 1961 онд хамгийн их буюу 6000 гаруй хүн нас барсан байна. Ингээд 1972 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталж төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран үйл ажиллагаагаа эрчимтэй явуулснаар үйлдвэрлэлийн ослын тоог бууруулж чаджээ. 2017 онд ослын тоог хамгийн ихээр бууруулж чадсан буюу 85%-аар бууруулсан гэсэн статистик байна. 2020 онд болох Олимптой холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа нь ослын тоо өсөх эрсдэлийг дагуулж байгаа ч  тус улс ойрын ирээдүйд үйлдвэрлэлийн салбар дахь ослын тоог тэглэх зорилт тавьж байна. Өнөөгийн байдлаар Японы үйлдвэрлэлийн салбарт 5,5 сая хүн ажил хөдөлмөр эрхэлдэг байна.

Японы ЭМНХЯ-ны бодлогын арга хэмжээ, төрийн бус байгууллагуудын аж ахуйн нэгж байгууллагууд руу чиглэсэн сургалт, урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн стандартын хяналтын газар, хэлтсийн ажлын уялдаа холбоо, хөдөлмөрийн стандартын байцаагчдын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх байнгын тасралтгүй сургалтын тогтолцоог судалж танилцлаа. 

Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хөдөлмөрийн стандартын тухай хууль, ХАБЭА тухай хуулиудыг гаргаж, хэрэгжилтийг хангаснаар бус аж ахуйн нэгж, компани бүр  хуульд заасан стандартаас давсан сайн дурын зохицуулалтыг бий болгох замаар аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн үйл ажиллагааг дэмжих явдал  гэж дүгнэж байна.

Хөдөлмөрийн стандартын хяналтын байцаагчдыг бэлтгэж, сургаж дадлагажуулж, тодорхой хугацаанд давтан сургалт хийж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлж, сүүлийн үеийн шинэ техник технологитой танилцуулж, мэдээлэл өгдөг нь мэргэжлийн хяналтын байгууллагад авч хэрэгжүүлж болохоор туршлага байна.

Салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын хөгжлийн асуудал болон тэдгээртэй гэрээлэн гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийг тодорхой болгох, шалгуурыг нарийвчлан тогтоох шаардлагатай юм. Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, суралтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө батлан хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг нэг мөр ойлгон хэрэглэж, хэрэгжүүлж хэвших талаар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн саналтай байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *