НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ ДАХЬ ЦАХИЛГААНЫ ИЛ ЗАДГАЙ УТАС, ШУГАМ СҮЛЖЭЭ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛЛАА

НМХГ-аас хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчинд холбогдох хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
1. Сургууль, цэцэрлэгийн орчинд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил авсан арга хэмжээ:
Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 сургууль, 9 цэцэрлэгийн цахилгаан шугам тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ойр орчинд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд, станц, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар дотор цахилгаан шугам тоног төхөөрөмж нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хүслийн өргөө дунд сургуулиудад улсын ахлах байцаагчийн дүгнэлт, “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт үйлдэж 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааны ерөнхий щитийг нэг давхарт шилжүүлэх үүрэг өгч аюулгүй ажиллагааг хангуулан үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүллээ.
Шалгалтын явцад сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах “УБЦТС” ТӨХК- ийн Зүүн, Баруун түгээх төвийн эзэмшлийн хазайсан цахилгаан дамжуулах агаарын 11 тулгуурыг үүрэг даалгавар өгч тэгшлүүлж, ашиглагдахгүй байгаа хазайсан “Соёндрийм” ХХК, Новельнэтворк” ХХК-ийн 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагад үүрэг даалгавар өгч буулгуулан, ил задгай эзэнгүй, хүчдэлгүй байгаа 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 87 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулж, хүүхдэд зориулсан аюулгүй ажиллагааны санамж плакатыг 1850 ширхэг хэвлүүлж дээрх сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд байршуулан, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлж шугам тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангуулан ажиллалаа.
2.Гэр хорооллын ил задгай утас, шугам сүлжээнд хийсэн шалгалтын талаар:
Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргүүдийн 23 дугаар хороонд цахилгаан эрчим хүчийг дамжуулан авч хэт хол зайд шаардлага хангахгүй олон залгаатай утсаар намаг, ус, голтой газраар татаж хэрэглэж байгаа 50 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлж, залгаа ихтэй, дотор монтажны зориулалтын бус шаардлага хангахгүй 5900 м орчим утаснуудыг дүүргүүдийн хороо, олон нийтийн цагдаа, хэв журмын цагдаа, дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан албан хаагчидтай хамтран хураан авч аюулгүй байдлыг хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллалаа.
3.Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах шугам сүлжээ.
Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчдын гудамж, С1 телевизийн ойр орчим, Барилгачдын талбай, Тусгаар тогтнолын талбай, Ард кино театр, Жүр үр ХХК-ийн орчим, Их дэлгүүрийн орчинд байрлах гэрэлтүүлгийн шугам сүлжээ, ил задгай цахилгаан дамжуулах шугам сүлжээнд хяналт шалгалтыг хийж 180 ширхэг таггүй онгорхой гэрэлтүүлгийн шонг тагжуулж, цахилгаан шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах хүний амь нас эрсдэж, осол аваар гаргахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 11 зөвлөмж, 7 дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох акт 1 үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 ААНБ 1сая 500 мянган төгрөгийн торгууль шийтгэвэрийг ногдууллаа.
4. Хүн олноор цуглардаг газаруудад хийсэн шалгалт.
1. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, тоглоомын цахилгаан хангамжийн хувиарлах самбар, газардуулгын байгууламжийн хэмжилтийн 11 хайрцаг, цахилгаан дамжуулах 250 м кабель шугамыг “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу хийлгүүлж газардуулгын эсэргүүцлийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулан аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулан ажиллалаа.
5. Цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийсэн хяналт шалгалт.
1. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаанд МХЕГ-тай хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар агаарын шугамын өмхөрч муудсан 17 модон тулгуур, цууралт үүсч аюулгүй ажиллагааг хангахгүй 12 төмөр бетонон тулгуур ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдсан 13 дэд станц байгаа зөрчил дутагдал илэрлээ. Мөн шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулж байгаа 3301 айл өрх, 765 ААНБ, 281 граж, контенир нийт 4347 хэрэглэгч байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангахгүй зөрчил дутагдлыг илэрлээ. Иймд дэд станц, шугам тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор мэдэгдэл, улсын байцаагчийн зөвлөмжийг тус тус хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллалаа.
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах “УБЦТС” ТӨХК-ийн цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцын хамгаалалт, сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй ажил үйлчилгээ явуулж, шугам сүлжээг гэмтээж цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг алдагдуулсан 17 иргэн, 12 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу 13 сая 700 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, шугам сүлжээнд гэмтэл учруулсны 13 сая 190 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж ажиллалаа.
6. Цагдаа, шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа цахилгаан эрчим хүчтэй холбоотой ослын нийт 5 хэрэгт шинжээчээр ажиллаж цагдаагийн байгууллагуудад шинжээчийн дүгнэлт боловсруулан хүргүүлж ажиллалаа.