ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖУУДЫН ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙЖ ДУУСЛАА

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн болон төрийн бус өмчийн зарим их, дээд сургуулиуд, коллежийн 2018-2019 оны элсэлтийн үйл ажиллагааг шалгалаа. Шалгалтанд Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 1 сургууль, төрийн бус өмчийн 3 их, дээд сургуулийн 1770 оюутны элсэлтийн бичиг баримтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар төрийн бус өмчийн зарим сургуулиуд нь гадаад улсаас оюутан элсүүлсэн суралцуулахдаа гадаадын иргэдийн бүрэн дунд боловсролын түвшинг тус улсад мөрдөгдөж буй боловсролын агуулгын түвшин, стандарттай дүйцүүлээгүй, элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хугацаа дууссан оюутан элсүүлсэн байгаа нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79, мөн сайдын 2018 оны А/391, А/194 дугаар тушаалуудыг тус тус зөрчиж байна.

Зарим сургуулиуд “Дээд боловсролын тухай” хуулийн 12 зүйлийн 12.1.12 дахь заалтыг үндэслэн шинээр элсэгчид зориулан бэлтгэл ангийн сургалт зохион байгуулсан байна. Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулиар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 1 хуулийн этгээдийг 200 нэгжээр торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах зорилгоор албан даалгавар өгсөн. Шалгагдсан байгууллагуудын элсэгчдийн чанарын байдлыг авч үзвэл: ХААИС 73 хувь, Технологийн дээд сургууль 96.6 хувь, Хангай дээд сургууль 70 хувь, Тэнгэр дээд сургууль 66.7 хувийн чанарын үзүүлэлттэй болж өнгөрсөн онд дүүргийн хэмжээний чанарын үзүүлэлт 2017 онд 76.6 хувь байсан бол 2018 онд 78.9 хувь болж 2.3 хувиар дээшилсэн үзүүлэлттэй байна.

“Дээд боловсролын тухай” хуулийн 12 зүйлийн 12.1.12 дахь хэсэгт “шаардлагатай гэж үзвэл шинээр элсэгчид зориулан бэлтгэл сургалт зохион байгуулах” гэсэн заалтыг ямар нөхцөлтэйгээр хэрхэн зохион байгуулж элсэлт хийх тухай зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байна. Дээд боловсрол эзэмшигчдийн шалгуур болох элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог ялгавартай тогтоож, хүссэн бүхнийг дээд сургуулийн дипломтой болгох нөхцөл бүрдүүлэх бус дээд сургуулиудад чанарын үнэлгээ хийж, ангилал зэрэглэл тогтоож, чанартай мэргэжилтэн бэлтгэх талаар бодлого зохицуулалт хийх нь чухал байна.

Боловсролын хяналтын улсын байцаагч Б.Болормаа