ХУУЛЬ БУС ҮР ХӨНДӨЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас өнөөдөр буюу 10-р сарын 11 –ны өдөр хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай  хэвлэлийн бага хурал хийлээ.

   Шалгалтын зорилго нь   хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Хяналт шалгалтад нийт 46 эмнэлгүүд хамрагдлаа.

Эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүд.

     Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих,  Ди Эл Өү, Энхмөнхманал  эмнэлэгүүд;

     Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс ,Сэцэнгоо эмнэлэг;

     Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХ хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газруудад эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ. Шалтгааныг тодруулахад  Эрээнээс-3, интернетээр-2, Нарантуул зах -3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс-2  үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна. ЭХ хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилсэн байна.

       Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмэгтэйчүүдийн /8 ортой/ магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан эмнэлэгт  үйлчлүүлэгч  Н нь 2018 оны 4 дүгээр сарын 5-нд үзүүлж онош нь  4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд  эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт  хандсан.

      Зөрчил дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2.900.0 төгрөгийн шийтгэлийг оногдуулан ажиллалаа.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд

            Үр хөндөлт дотроо хоёр янз бий. Эмийн үр хөндөлт болон багаж аргаар. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багаж аргаар бол ердөө тавхан минут.

Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үргүйдлийн асуудалтай болсон байдаг.

             Мөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч, мэдлэгтэй болмоор байна. Ийм хэцүү зүйл хийхгүйн тулд гэр бүл төлөвлөлтөө сайн зохион байгуулж байгаарай гэж хүсэж байна. Зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг. Учир нь энэ нь эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөж байна.