ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 37 аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд “Геодези, зураг зүйн тухай”, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” болон бусад холбогдох хуулийн хэрэгжилт, тэдгээрт нийцүүлэн гаргасан бүх нийтээр даган мөрдөх стандарт, норм ба дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн. Үүнд:

  1. Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицолын WGS-84 системд, UTM тусгагт кадастрын зураглалыг хийлгүй, төрийн захиргааны байгууллагын шаардлагаар ITRF-97 солбицолын системд хэмжилтийг хийсэн.
  2. Аж ахуйн нэгжүүд нь газар доорх шугам сүлжээний зураглалд ашигладаг геодезийн хэмжилтийн багажинд баталгаажуулалт хийдэггүй.
  3. Барилга, хот байгуулалтын яамнаас мэргэжлийн дадлага туршлагын тодорхойлолтыг магадлан шалгахгүйгээр аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрлийг олгодог.
  4. Кадастрын зураглал гүйцэтгэхдээ байр зүйн зургийн агуулгатайгаар гүйцэтгэдэггүй.
  5. Нийслэл, дүүргүүдийн газрын албад эргэлтийн цэг тэмдэгжүүлэх тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээгүй байхад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа газрыг кадастрын зургийг гүйцэтгэж, газар дээр нь эргэлтийн цэгийг газарт бэхлээгүй байгаа бөгөөд зурагжуулалтын ажилд холбогдох техникийн заавар, журмын мөрдөлтийг хэрэгжүүлээгүй,
  6. Шалгалтад хамрагдсан 34 аж ахуйн нэгжээс 7 аж ахуйн нэгж нь “Дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах тухай” журам байхгүй, дотоод хяналт шалгалтын ажилтан байхгүй байна.

Шалгагдсан 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас давхардсан тоогоор 112 зөрчил илрүүлж, хугацаатай зөрчил арилгуулах улсын байцаагчийн 51 заалттай 13 албан шаардлагыг, “Оюусөүрвэй” ХХК, “Майнинг конвейр транспорт” ХХК, “Геотэс” ХХК, “Геоид” ХХК, “Гео инженеринг групп” ХХК, “Геоцацраг” ХХК, “Онги Хайрхан” ХХК, “Жи Пи Эс Эс”  ХХК, ”Топсүрвэй” ХХК,  “Чандмань сүрвэй” ХХК гэсэн 10 аж ахуйн нэгжид зөрчлийн үр дагаварыг арилгуулах даалгаврыг хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийн торгууль шийтгэвэр, “Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлийг түдгэлзүүлэх тухай” албан бичгийг Барилга, хот байгуулалтын яаманд тус тус хүргүүлсэн.

          НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР