АНХААРУУЛГА ЭМИЙН САН, ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ТӨВҮҮД, ИНТЕРНЕТЭЭР /СОШИЛООР/ УЛСЫН БАТАЛГААГҮЙ ЦУСНЫ ДАРАЛТЫН АППАРАТ, ТЕРМОМЕТР /ХАЛУУНЫ ШИЛ/, ЭМНЭЛГИЙН ЖИН ХУДАЛДААЛЖ БАЙНА

 

            Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр баталсан 01/87 дугаартай “Хүн эмнэлгийн үзлэг оношлогооны хэмжих хэрэгслийн хууль бус худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу эмнэлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тусгай зөвшөөрөл хяналт шалгалт хийгдэж байна. Одоогоор шалгалтанд “Мерит” ХХК, “Сабо трейд” ХХК, “Монос фарм” ХХК, “Нил фарм” ХХК, “Омбал” ХХК, “Тавин ус” ХХК, “Нуган” ХХК, “Чинбаян” ХХК, “Барагшуун” ХХК, “Цахиур төмөр” ХХК, “Ази фарм” ХХК, “Энто” ХХК, “Нью ремели” ХХК, “Эм Эн Жи Би” ХХК, “Фармед ресурс” ХХК, “Торгон туул” ХХК, “Цагаан овоо” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжийг хамруулаад байгаа ба шалгалт үргэлжилж байна.

Шалгалтаар  зөвхөн “Монос фарм” ХХК, “Фармед ресурс” ХХК нь даралтын аппарат, термометр худалдах тусгай зөвшөөрлийг Стандарт, хэмжил зүйн газраас авсан ба бусад компаниуд нь тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн хэмжих хэрэгслийг худалдаалсан, худалдаж буй хэмжих хэрэгслүүд нь  улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Иймд иргэд, худалдан авагчдад анхааруулахад эмийн сан, бөөний төвүүдээс хүний биеийн цусны даралтын аппарат, термометр /халууны шил/, эмнэлэгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах, хэмжих хэрэгсэл худалдаж байгаа компани нь хэмжих хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлтэй, худалдаалж байгаа хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх /загварын туршилт хийлгэх/ шаардлагатай. 

Хүний эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээнд улсын баталгаатай хэмжих хэрэгсэл ашиглацгаая.