ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТ

Вирүсээр үүсгэгдэж, хачгаар зөөвөрлөгдөн халдварладаг, ихэвчлэн төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг хурц халдварт өвчин юм.

Халдварын эх уурхай ба эзэн амьтад нь буга, туулай, ямаа, үхэр, хонь, нохой зэрэг 250 гаруй хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувууд юм. Эдгээр нь нянгийн халдвар авдаг боловч практикт өөрсдөө өвчлөхгүй халдварын эх уурхай болдог.

Халдвар дамжуулагч нь олон зүйлхачгууд боловч манай улсад үндсэн дамжуулагч нь ойн хачиг (Ixodes persulcatus) болох ньтодорхойлогдсон юм.

Өвчлөгсдийн 80% (цусаар) энэ вирүсээр халдварлагдсан хачигт хазуулах замаар, өвчлөгсдийн 20% (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа, үхрийн дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар авдаг.

Зураг: Хачигт энцефалитын вирусыг дамжуулагч ойн хачиг

Өвчний шалтгаан, улиралчлал,нийгмийн байдал

Өвчлөгсдийн хачигт хазуулсан гол шалтгаан нь эмийн ургамал түүх (18.9%), хайгуул хийх (18.9%), алт олборлох(16.5%), амрах зугаалах(13.2%), мал хариулах (9.9%), түлээ банз бэлтгэх (9.9%) зэрэг байв. Хачигт энцефалитын улиралчлал нь 5-р сард 13.2%, 6-р сард 59.4%, 7-р сард 26.4% тус тус байв.

Ихэвчлэн ой модонд халиар, эмийн ургамал түүгчид, жимс, эвэр түүгчид, мод бэлтгэгч нар, аялагчид өвчилдөг.

Илрэх гол шинж тэмдэгүүд

Мэдрэлийн хямралаас шалтгаалж эмнэлзүйг

1.халууралтай, 2.мэнэнгийн, 3.мэнэн-энцефалитын, 4.саажсан, 5.захын мэдрэлийн зэрэг хэлбэрүүдэд хуваадаг (Б.А. Борисов 2008).

Өвчний эхлэл үедтолгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үе буюу мэдрэлийн хямралын үед 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүснэ. Өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг.. Цөөнгүй тохиолдолд дуу гунших, хахаж цацах, хэлний булчинд хатангирал үүсэх зэрэг уртавтар тархины саагийн шинж илэрнэ. Хачигт энцефалитын онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт болон саажилт улам гүнзгийрэх явдал юм. Мэдрэлийн хүнд халдвар тул өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж мэргэжлийн эмч эмчилнэ.

Сэргийлэлт

Хачигт хазуулахгүйн тулд тод өнгөтэй хувцас өмсч, гар хөлөө ил гаргахгүй байх, аль болох битүү хувцас, түрийтэй гутал өмсөх.

Хачигтай бүсэд ажиллаж байгаа иргэд 3 – 4 цаг тутамд бие биеэ шалгаж хачгийг зайлуулна. Хачигт хазуулахгүй байх боломжтой аргуудыг сонгох, үргээгч хэрэглэх,

Хачгийг зайлуулахдаа болгоомжтой хачигны амыг / хошуу/ арьсанд үлдээхгүйгээр салгаж авна.

Ойгоос ирээд гэртээ орохын өмнө биедээ үзлэг хийж наалдсан хачгийг авч устгах, хувцсаа тайлж сэгсрэх.

Хачигт энцефалитын эсрэг вакцин, өвөрмөц иммуноглобулиныг тариулах