ИМПОРТЫН ЭМ, ГОО САЙХНЫ БОТОКС ТАРИЛГЫН ХЯНАЛТЫН ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн гүний гаалийн хяналтын бүсэд хийгддэг байнгын хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. 
1. “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ”Их төгөл” ХХК-ийн БНЭУ-аас импортлосон 2 нэр төрлийн, нийт 105.693.342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.
2. “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Ази фарм” ХХК-ийн Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17.530.000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.
3. Иргэн Б.Умбаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 4 нэрийн, 376.000 төгрөгийн эм импортлосон
4. Иргэн Б.Светлана 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Интердисежн” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн, 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, тээвэрлэлт хадгалалтын горим баримтлаагүйгээс хөлдсөн байдалтай импортлосон зөрчлүүдийг илрүүллээ.
Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, нийт 2 аж ахуйн нэгж, 2 иргэнд 2.200.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ.
НМХГ-т гоо сайхны тарилга, ботокстой/ ботулин токсин / холбоотой гомдлууд цөөнгүй ирж байна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар БНСУ-ын иргэн Curer компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс ботулин токсиныг хууль бусаар хилээр оруулж ирж, БГД-ийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Бүрд барилгын 3 давхарт худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон. Шалгалтын явцад арьс гоо заслын Нандин гоо эмнэлэг 70 ширхэгийг худалдан авсан нь тогтоогдон шалгагдаж байна.
Мөн 2017 онд эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй БНСУ-н иргэн Чоо Гангмен нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр эмнэлгийн бус, эмчилгээний гоо заслын үйлчилгээг эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй нөхцөлд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 2 нэрийн /miracle , kabellien/ эмийг хэрэглэж байсан тул эмчилгээний гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, дээрх 2 нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, ажилласан. 
Сэрэмжлүүлэг: 
Гоо сайхны тарилга, гоо сайхны ажилбаруудыг зөвхөн арьс гоо заслын зөвшөөрөлтэй эмнэлэгүүдэд хийгдэх ёстойг анхаарна уу. Дээрх бүтээгдэхүүнийг эмнэлгийн бус нөхцөлд хэрэглэх, халдвар хамгааллын аюулгүй байдал зөрчигдсөнөөс халдвар авах магадлалтай. Хэрэв тун хэтэрвэл гоо сайханд өөрчлөлт орж, булчингийн сулрал, хөмсөг дарагдах, нүүрний мимик алдагдах зэрэг гаж нөлөө үзүүлэх эрсдэлтэй. 
Тус бүтээгдэхүүнийг 5-15 С°-т хадгалдаг, доргилт хөдөлгөөнд мэдрэг ба хадгалалтын горим зөрчигдвөл эмчилгээний үйлчилгээгүй болдог тул чанарын баталгаатай ботоксийг эмчилгээнд хэрэглэхийг хэрэглэгчидэд анхааруулж байна.