ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ, ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ БҮСИЙН СУРГАЛТАД ОРОЛЦЖЭЭ

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны RAS/9/081 төслийн хүрээнд ОУАЭА болон Малайз Улсын Шинжлэх ухаан, технологи, хөгжлийн яамны харьяа Малайзын цөмийн энергийн агентлагийн хамтран зохион байгуулсан “Цацраг идэвхт үүсгүүрийн цацрагийн хамгаалалт, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалтад хамрагдсан. Энэхүү сургалт нь Ази Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, дипломын дараах боловсрол олгох, мэргэжил дээшлүүлэх зорилготой ба сургалт нь танхимын сургалт болон лабораторийн дадлага, үйлдвэрлэлийн танилцах дадлага зэрэг хэлбэрээр явагдсан.

Тус сургалтаар Цөмийн физикийн үндсэн ойлголт, физик хэмжигдэхүүн, түүний нэгж, ионжуулагч цацрагийн биологийн үйлчлэл, цацрагийн хамгаалалтын зарчим, олон улсын хууль эрх зүйн орчин, цацрагийн хяналтын байгууллагын дэд бүтцийг сайжруулах талаар, гадаад болон дотоод шарлагын үнэлгээ, цацрагтай ажиллагчдын мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, цөмийн онош зүй болон цацрагийн оношилгоо, эмчилгээн дэх эмнэлгийн шарлагын хяналт, хүн амын шарлагын хяналт, цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх онолын мэдлэгийг дээшлүүлж, дадлага ажлаар бататгасан.

Малайзын цөмийн энергийн агентлаг нь 1972 оны 09 дүгээр сарын 19-нд байгуулагдсан. Цөмийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг өргөжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэж сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм.

ХОЁР. СУРГАЛТЫН БҮРЭЛДЭХҮҮН, ХУГАЦАА

Сургалтад Ази Номхон далайн бүсийн орнуудаас Бангладеш, Индонез, Иран, Ирак, Йемен, Камбодж, Лаос, Малайз, Монгол, Мяънмар, Оман, Папуа Нью Гвиней, Пакистан, Тайланд, Хятад, Шри Ланк, Фижи зэрэг нийт 17 улсын 32 оролцогч хамрагдсан болно. Монгол Улсаас төлөөлөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цацрагийн хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайхан, Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторийн Цацрагийн хяналтын лабораторийн Ахлах шинжээч Х.Идэрмөнх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн улсын байцаагч Ч.Өсөхжаргал нар амжилттай оролцлоо.

Сургалт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Малайз Улсын Куала Лумпур хотод зохион байгуулагдлаа